Танилцуулга

НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ТАНИЛЦУУЛГА

Нийслэлийн Багахангай дүүрэг нь 1989 онд байгуулагдсан бөгөөд засаг захиргааны 2 хороотой, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос зүүн урагш 90 км зайд орших бөгөөд далайн түвшнээс дээш 1614 м өргөгдсөн, 14.0 мянган га нутаг дэвсгэртэй, баруун болон хойд талаараа Төв аймгийн Сэргэлэн сум, зүүн болон урд талаараа Баян сумтай хил залган оршдог нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нэг юм.

Улаанбаатар хоттой 107км төмөр замаар, 90 км хатуу хучилттай авто замаар холбогдсон газар нутгийн байршил болоод цаг уурын таатай нөхцөл бүрдсэн, зам харилцаа, дэд бүтэц сайн хөгжсөн, нийт газар нутгийн 5.2% нь хот  тосгон, суурин газар, 91.9% нь хөдөө аж ахуйн газар, 2.9% нь зам, шугам сүлжээний газар, 0.006% нь улсын тусгай хэрэгцээний газарт хуваарилагдаж байна.

Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Багануур чиглэлийн төмөр замын зангилаа дээр болон Улаанбаатар- Замын-Үүдийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замын хэсэгт оршдог, дүүргийн хойд, урд хилийг холбосон төмөр зам, босоо тэнхлэгийн авто зам дайран өнгөрдөг зам тээврийн  зангилаа хот болгоход чухал ач холбогдолтой газар нутаг бүхий дүүрэг юм.

Дүүргийн нутаг дэвсгэрт Оросын цэргийн ангийн ашиглаж байсан 2.8 км урт, хатуу хучилттай үндсэн зурвас бүхий онгоцны буудал, 36 ангар, төрөл бүрийн зориулалтаар ашиглах боломжтой 6 томоохон байгууламж байгаа нь цаашид тус дүүрэгт үйлдвэрлэлийн бүсийг хөгжүүлэх, төрөл бүрийн түүхий эдийн агуулахын зориулалтаар ашиглах  боломж, бололцоо бүрэн байгаа юм.

Мөн алт, нүүрс, барилгын тоосго үйлдвэрлэх өндөр чанартай шар шавар, шохойн чулуу орд илэрцүүд зэрэг төрөл бүрийн байгалийн баялаг ихтэй бөгөөд газар нутгийн оновчтой байрлал, байгаль цаг уурын таатай нөхцөл, дэд бүтцийн хөгжил нь тус дүүргийн  онцлог, давуу тал юм.

Багахангай дүүрэг нь 2015 оноос дүүргээ төдийгүй, Төв аймгийн зэргэлдээ гурван  сумыг эрчим хүчээр найдвартай хангаж  эхэлсэн бөгөөд 40 жилийн турш 20 мянган хүн амыг ундны цэвэр усаар бүрэн ханган цэвэр усны нөөцтэй отгон дүүрэг юм аа.

Салхины чиглэл баруун хойноос зүүн урагш чиглэсэн урд хойд талаараа уулын бэл ам байдгаас утаа хуран тогтох боломжгүй нөхцөл нь нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын  багахан хэсэг болсон Багахангай дүүргийн иргэдийг хамгийн цэвэр агаарт ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлж байгаа ба нөгөө талаас газар хөдлөлтийн харьцангуй идэвхижил багатай бүсэд оршдог нь шинэ суурьшил үүсэх байгаль цаг уурын таатай нөхцөлтэй нутаг юм аа.

Багахангай дүүрэг нь Нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулахад чухал үүрэгтэй бөгөөд үүнтэй холбогдуулан нийслэлээс баримталж буй  бодлого шийдвэрүүд нь  дүүргийн дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хот байгуулалтыг оновчтой зөв төлөвлөх, хүн амын ая тухтай ажиллаж амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, нийгмийн тусламж үйлчилгээг ойртуулах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байдаг.