Мэндчилгээ

Багахангай хэмээх нутаг орноороо овоглож яваа эрхэм та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Багахангайчууд бид 2019 оныг “Иргэдийн оролцоотой–Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай хүргэхэд чиглэсэн ажил арга хэмжээг төрөл бүрийн хэлбэрээр зохион байгуулж ажиллахыг үйл ажиллагааныхаа зорилгоо болголоо.

2019 онд 8 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өрнүүлж төрийн 2 байгууллага шинэ байртай болсон. Цагдаагийн хэлтэс, Ахмадын өргөөний барилгыг ашиглалтанд хүлээн авсан бол Жижиг дунд, үйлдвэрийг дэмжих төв, 129 айлын орон сууцыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. 

Багахангай дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ой энэ онд тохиож ард иргэдийнхээ санал санаачлага, зүтгэл тэмүүлэл дээр  тулгуурласан олон ажлуудыг амжилттай хийж хэрэгжүүлсэн. Ирсэн зочид гийчдийн нүдийг баясгаж, сонорыг мялаахаар олон сайхан ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлснээрээ бахархаж байна.

Улиран одох цаг хугацаа, угтан золгох шинэ оны халуун дулаан уур амьсгал, гэрэл гэгээтэй бүхнийг Багахангайчууд та бүхэндээ хүсэхийн ялдамд, морилон ирж буй 2020 ондоо  үе үеийн ажилтан, албан хаагчид, хамтран ажиллагч байгууллагууд, нийт ард иргэддээ алсдаа уужуу, холдоо зорилготой тэмүүлэн, хоймортоо сүлдтэй, хийморь цогтой, айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, түмэн олноороо тэнүүн жаргалтай, эрүүл энх, амар амгалан байж, санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийн ерөөл өргөе.

Та бүгдийг хүндэтгэсэн Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр