МЭНДЧИЛГЭЭ

zasag

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илч авч,

Уудам хөх тэнгэрээсээ уужрал, ухаарлыг сэлбэж,

Уулзан мэндлэх хүн бүртээ сэтгэлийн сайхныг бэлэглэж,

Учран золгох он жилүүддээ аз жаргалаар дүүрэн бялхаж,

                                     Элгээрээ энх амгалан,   Төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг

                                                           Багахангайчууд Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

              Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2012 оны орон нутгийн сонгуульд МАН-аас дэвшүүлсэн ” Нутгийн хөгжил, игргэдийн сайн сайхан” хөтөлбөрт үндэслэн 2013-2016 онд Багахангай дүүрэгт хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хөтөлбөрөө 5 бүлэг, 69 зорилттойгоор боловсруулан дүүргийн ИТХ-аар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

              Дүүрэг, орон нутгийнхаа хөгжлийг улам эрчимжүүлж, ард иргэдийнхээ сайн сайхан аж төрөх орчин, нөхцлийг дээшлүүлэхийн төлөө байнга хамтран ажилладаг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон Та бүхэндээ талархлаа илэрхийлж, уламжлалаа хадгалж, шинэчлэлээ үргэлжлүүлж, улам эрч хүчтэй, бүтээлчээр хөдөлмөрлөхийг уриалж,  нийт иргэддээ  аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА  С. ЭРДЭНЭБАЯР

              

2014.06.25
Багахангай дүүргийн 25 жилийн ойд

МЭНДЧИЛГЭЭ        

     Эрхэм хүндэт Багахангайчууд, нутгийн зон олон,  ард иргэд, ахмад настан, азай буурлууд, өсвөр үе, хүүхэд залуус, хамтран ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, үе үеийн бүтээлч хамт олон  Та бүхэндээ Ардын хувьсгалын 93 жилийн ой, Багахангай дүүрэг үүсэн байгуулагдаж, өнгөжин хөгжиж, өөдлөн дэвжсэний 25 жилийн ойн баярын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

    Тэртээ 1970-аад оны эхээр ЗХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах  нисэхийн цэргийн анги байгууллагдсанаар  өнөөгийн Багахангай дүүргийн эхлэл, суурин газрын шав тавигдсан билээ. 1982 оны 12 сарын 18-нд Багахангай, Багануурын 97 км төмөр зам ашиглалтанд орж анхны галт тэргээ хүлээн авснаар энэ замыг дагаж Гүн галуут, Багахангай, Булагтай гэсэн өртөө, зөрлөгүүд нээгдэж,  төмөр замчдын шинэ тосгон гал голомтоо бадраажээ.

    Улмаар Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат болон дүүргийн тухайн үеийн төр захиргааны байгууллагын удирдах ажилтан Д.Дашдондог нарын анхдагч 13 иргэний сэтгэл, зүтгэлээр Багахангай маань  Нийслэл хэмээх их өргөөний харьяанд багтан УИХ-ын 1992 оны 08-р сарын 18-ны өдрийн 18-р тогтоолоор Засаг захиргааны  2 хороотойгоор Багахангай дүүрэг болон өргөжсөн түүхтэй.

       Түүхийн он цагуудад  Багахангайчууд бид улс орныхоо хөгжилтэй хөл нийлэн алхаж, хүн ардынхаа сайн сайхан аж амьдралын төлөө гар, сэтгэл нийлэн хөдөлмөрлөж багагүй амжилтанд хүрч, бүтээн  байгуулалтын олон ажлыг өрнүүлснээр дүүргийн өнгө үзэмж жилээс жилд дээшилж, хүн амын маань ая тухтай ажиллаж, амьдрах  орчин, нөхцөл өдрөөс өдөрт сайжирсаар  байна.

Бид орон нутгийнхаа хөгжлийг :

  • Эрүүл боловсролтой, чадварлаг иргэн
  • Ажлын байр, амьдралын баталгаа
  • Тохилог орон сууц, цэвэр, цэмцгэр гэр хороолол
  • Ил тод, иргэдийн оролцоотой  дүүрэг гэж тодорхойлон бодит ажил хэрэг болгон ажиллаж байна

       Эх орныхоо бүтээн байгуулалт, төрөлх дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, түүхийг бичилцэж ирсэн үе үеийн ажилчид, ахмад буурлуудын минь хөдөлмөр зүтгэл шингэн өдрөөс өдөрт өргөжин тэлж, ирээдүйд мандан бадрах дүүргийнхээ гурван цагийн гүүр болсон ахмад үеийн азай буурлууддаа гүн талархал, хүндэтгэл илэрхийлье.

     Ахмад буурлуудынхаа хийж бүтээснийг үргэлжлүүлэн дүүрэг, орон нутгийнхаа сайн сайхан, хөгжил цэцэглэлтийн төлөө хөдөлмөр бүтээлээ зориулсан,  өнөөдөр ч их зүйлийг хийж бүтээхээр ажиллаж амьдарч байгаа олон олон бүтээлч иргэд, хамт олондоо талархал дэвшүүлье.

       Ийнхүү бид он цагуудад хамтдаа байж, ажил үйлсээ өрнүүлсээр төрөлх дүүргийнхээ  25 жилийн ойтойгоо золгон, их бүтээн    байгуулалт, амжилт, ололтоор  угтаж байна.

    Түүхт ойн жил болох 2014 онд Багахангайчууд бид ажлын уялдаа холбоогоо улам бэхжүүлж,  ард, иргэдийнхээ санал санаачлага идэвхи оролцоонд тулгуурлан 2 тэрбум 150 сая төгрөгийн 17 ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс эхний бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж эхлээд байна.

     Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд нээлттэй ил тод үйлчлэх эрхэм зорилгыг дэвшүүлэн ажилласнаар Нотариатын болон Эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээнүүдийг дүүрэгтээ шинээр нэвтрүүлээд байна.

     Багахангайчууд бид хүнээ хөгжүүлэх, зөв дадал зуршил хэвшүүлэх , эрүүл аюулгүй аж төрөх, бие биедээ тусалж дэмжих талаар олон талт арга хэмжээ зохион байгуулж, “Эрүүл орчин-Иргэдийн сайн сайхан” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр олон залуус шинэ хандлага, шинэ эрч хүч, урам зоригоор дүүрэн ажиллаж амьдарч байна.

     Монгол гоёл, Монгол соёлоороо бахархах, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдээ дэмжих зорилгоор сар бүрийн эхний долоо хоногийн Даваа гарагийг дүүргийн хэмжээнд “Монгол гоёлын өдөр” болгосноор  Багахангайчууд бид монгол дээлээрээ гангаран, үндэсний соёл, уламжлалаараа бахархах үзлийг түгээж байна.

     Ийнхүү бид хамтын хүч, оновчтой төлөвлөлт, зөв бодлого, шинэлэг арга барил, иргэдийн өргөн оролцоог ханган,  “Нутгийн хөгжил-Иргэдийн сайн сайхан уриан дор  “Шинэ Багахангай”-г бүтээн босгож байна.

    Дүүргийн хөгжил цэцэглэлтийн төлөө бодитой хувь нэмрээ оруулан идэвхи санаачлагатай ажиллаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллага, бидэнтэй хамтран ажиллаж, шинэ ажлын байр, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж буй төр,  хувийн хэвшлийн нийт байгууллага, хамт олонд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, нийт ард иргэдийнхээ нэрийн өмнөөс халуун талархал дэвшүүлье.

    Хойч үе, ирээдүй болсон өсвөр үе,  залуучууддаа “ Өөдлөх дэвжих, өсөж хөгжих чин хүслээр амьдралын чигээ сонгож,  тус дэм хэрэгтэйдээ тусалж дэмнэн, ахиц, урагштайг нь урмаар тэтгэж байх”-ыг уриалж байна.

          Эцэг өвгөдөөс улбаалан ирсэн он цагийн түүх соёл, олон зууны уламжлал заншлын цогц Монгол наадам бол бидний тусгаар тогтнолын үнэ цэнэ, төрөө дээдлэхүйн эрхэм хүндэтгэл, эв эеийн баталгаа билээ.

Өөдөө мандах нарны жавхаатай, өөдлөн дэвжих хөгжлийн заяатай нутгийн зон олон Та бүхэн минь хотол түмнээрээ цэнгэн баясч, дэнж хотойтол сайхан наадаарай.

Багахангай нутаг минь гэгээн наран адил мандан бадарч, өнө мөнхөд хөгжин дэвжих болтугай!

 Сайн үйлс дэлгэрэх болтугай !

2014.08.15
Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page