НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ОРШУУЛГА ТҮҮНТЭЙ ХОЛБОГДОХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

0
108

Төсөл

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ

ОРШУУЛГА ТҮҮНТЭЙ ХОЛБОГДОХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН

БАЙГУУЛАХ ЖУРАМ

  1. Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын газар байгууллах, хамгаалах, хаах, арчлах, дахин ашиглах болон оршуулгын үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгж байгууллагад зөвшөөрөл олгох, зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг шилжүүлэхтэй холбогдсон  харилцааг зохицуулна.

 

  1. Хоёр. Оршуулгын газар байгуулах, хаах

2.1 Оршуулгын газрын байршил, газрын хэмжээ, хил хязгаар, хамгаалалтын бүсийг тогтоох, ашиглалт нь дууссан оршуулгын газрыг хаах, хаагдсан оршуулгын газрыг нөхөн сэргээж дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид гаргана.

2.2 Энэхүү журмын 2.1-д заасан шийдвэрийн төслийг дээрх асуудлыг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга байгуулан ажиллана.

2.2 Энэхүү журмын 2.1 дэх хэсэгт заасан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, байгаль орчин, мэргэжлийн хяналт, хот байгуулалт, газрын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллага, тухайн дүүргийн Засаг даргын тамгын газар, оршуулгын үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг мэргэжлийн холбоодын төлөөллийг оруулна.

2.3 Оршуулгын газрын хамгаалалтын бүсийг оршуулгын газраас 300м, хот суурин газар, цэвэр ус, булаг шандны эх, аялал жуучлалын бүсээс 200м-ээс доошгүй зайд байхаар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу Монгол Улсын холбогдох хууль, журам, стандартад нийцүүлэн тогтооно.

2.4 Дараах тохиолдолд оршуулгын газрыг хаана.

2.4.1 Тухайн оршуулгын газарт оршуулга хийх газрын нөөц дууссан

2.4.2 Тухайн газарт оршуулгын үйл ажиллагаа 5-с дээш жил хийгдээгүй.

2.4.3 Байгалийн гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйлийн улмаас оршуулгын газар эвдэж сүйдсэн, сэргээн засварлах боломжгүй болсон.

2.4.4 Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас оршуулгын газрыг үргэлжлүүлэн ашиглах нь хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан.

2.5 Хаагдсан оршуулгын газрыг арчилж хамгаалах ажлыг тухайн дүүргийн Засаг дарга хариуцах ба арчлалт хамгаалалтын ажилд шаардагах төсвийг дүүргийн урсгал төсөвт жил бүр тусгуулж, зөвшөөрөлтэй болон хаагдсан оршуулгын газрын хамгаалалтын бүсэд бусад зориулалтаар газар олголт хийлгэхгүй байхад хяналт тавьж ажиллан.

Гурав. Оршуулгын үйлчилгээ эрхлэх

3.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь төрийн өмчит болон төрийн бус, хувийн хэвшлийн альч хэлбэрээр байж болно.

3.2 Оршуулгын газрын газар эзэмшигч болон ашиглагч нь тухайн оршуулгын газрыг арчлан хамгаалах, тохижуулах асуудлыг бүрэн хариуцна.

3.3 Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллага нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээ байгуулж, оршуулгын үйлчилгээ эрхлэх гэрчилгээ авснаар үйл ажиллагаа явуулна.

3.4 Зөвшөөрөгдсөн оршуулгын газарт /хувийн хэвшлийн эзэмшлийн гэрчилгээтэйгээс бусад/ үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж байгууллагыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сонгон шалгаруулж, “Оршуулгын газрыг ашиглах, хамгаалах хамтран ажиллах гэрээ”-г байгуулан, оршуулгын үйлчилгээ эрхлэх гэрчилгээ олгоно.

3.5 “Оршуулгын газрыг ашиглаж, хамгаалах хамтран ажиллах гэрээ”  байгуулсан аж ахуйн нэгж байгууллага нь гэрээгээр хариуцсан оршуулгын газарт оршуулсан 10 шарил тутамд нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй газар оршуулсан 1 шарил, хаагдсан оршуулгын газраас 1 шарил, ил тавьсан 1 шарилыг тус тус  шилжүүлэн оршуулах, эсхүл чандарлах үүргийг хүлээнэ.

3.6 Сонгон шалгаруулалтыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулсан ажлын хэсэг нээлттэй хэлбэрээр зохион байгуулах ба дараах үзүүлэлтүүдийг үндэс болгоно.

3.6.1 Оршуулгын газрыг оновчтой төлөвлөсөн байх ба нийт талбайн 20%-оос доошгүй хувьд ногоон байгууламжтай байх

3.6.2 Иргэдийн амжиргааны түвшинд тохирсон оршуулгын үйлчилгээний үнэ тариф, үнийн уян хатан бодлоготой байх

3.6.3 Оршуулгын үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн, дадлага туршлагатай хүний нөөцтэй байх.

3.6.4 Оршуулгын үйл ажиллагаа явуулах зориулалтын барилга байгууламж, ёслолын танхим, гар рашаалах, зул өргөх байр, хөрсний бохирдол үүсгэдэггүй технологи бүхий бие засах газар, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, дэд бүтэц, цахилгаан хангамж, харуул хамгаалалт, камер, гэрэлтүүлэг хашаатай байх.

3.6.5 Оршуулгын газарт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байх

3.6.6 Оршуулгын үйлчилгээ үзүүлэх дотоод дүрэм журамтай байх.

3.6.7 Бизнес төлөвлөгөөтэй байх.

3.7 “Оршуулгын газрыг ашиглаж, хамгаалах хамтран ажиллах гэрээ”-г 15-20 жилийн хугацаатай байгуулах ба, оршуулгын үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж байгууллага тухайн оршуулгын газар дээр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэнэ.

3.8 “Оршуулгын газрыг ашиглаж, хамгаалах хамтран ажиллах гэрээ”-г Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг жилд нэг удаа дүгнэх ба гэрээний үүргээ биелүүлээгүй бол гэрээг цуцалж, оршуулгын үйлчилгээ эрхлэх гэрчилгээг 5 жилийн хугацаагаар дахин олгохгүйгээр хураан авч, хүчингүй болгоно.

Дөрөв. Оршуулгын үйл ажиллагаа зохион байгууллах

4.1 Оршуулгын цогц үйл үйлчилгээнд дараах үе шатны ажил хамаарна.

4.1.1 Шаардлагатай бичиг баримтын бүрдэлийг хийж, захиалга хүлээн авах.

4.1.2 Талийгаачийн ар гэрийнхэнд зөвлөн чиглүүлэх үйлчилгээ үзүүлэх

4.1.3 Шарил хадгалах

4.1.4 Зориулалтын тээврийн хэрэгслээр шарил тээвэрлэх

4.1.5 Талиигаачтай салах ёс гүйцэтгэх үйл ажиллагааг зохион байгуулах

4.1.6 Оршуулгын газар дээр оршуулах үйл ажиллагааг зохион байгууллах

4.2 Иргэний бүртгэлийн тухай хуульд заасны дагуу нас барсныг бүртгэсэн гэрчилгээг үндэслэн нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйлчилгээ эрхлэх эрх бүхий аж ахуйн нэгж байгууллага оршуулгын үйлчилгээг үзүүлнэ.

4.3 Талийгаачийн шарилыг зориулалтын шарил хадгалах байранд хадгах ба эмнэлгийн байгууллагын зөвшөөрөлтэйгөөр талийгаачийн ар гэрийнхэн өөрсдийн зан үйлд тохируулан гэртээ хадгалж болно.

4.4 Шарилыг эмнэлэг, шүүхийн шинжилгээний байгууллага болон хууль тогтоомжын шаардлага, монгол улсын стандартад нийцсэн хадгалах байртай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагад хадгалаж болно.

4.5 Оршуулгын үйл ажиллагааг эрх бүхий оршуулгын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага гүйцэтгэх ба талийгаачийн ар гэрийхний хүсэлтийн дагуу сонгосон үйлчилгээний хэлбэр, бараа бүтээгдэхүүний нэр төрөл, үнийг тусгасан гэрээний үндсэн дээр үйлчилгээг үзүүлнэ.

4.6 Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагааг зөвхөн зөвшөөрсөн газарт зохион байгуулна.

4.7 Оршуулгын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллага нь оршуулгын үйлчилгээг үзүүлэхдээ дараах үйл ажиллагааны дагуу зохион байгуулна.

4.7.1 Оршуулгын зан үйлийг иргэдийн хүссэн гариг, өдөр, цагт зөвхөн зөвшөөрөл бүхий оршуулгын газарт зохион байгуулах ба зөвшөөрөл бүхий оршуулгын газрын талаарх мэдээлэл, холбогдох шийдвэр, энэхүү журам болон бусад оршуулгын үйл ажиллагаатай холбогдон гарсан эрх зүйн актын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг талийгаачийн ар гэрийнхэнд оршуулгын үйлчилгээ авахаас өмнө өгнө.

4.7.2 Шарилыг тусгай зориулалтын машинаар тээвэрлэж, оршуулгын газарт хүргэн, талийгаачийн ар гэрийнхнийг салах ёс гүйцэтгэх, шашны зан үйл үйлдэх байр, орчин нөхцөлөөр хангаж, оршуулгын үйлчилгээг тусгайлан бэлтгэгдсэн ажилтнаар удирдуулан гүйцэтгэнэ.

4.7.3 Шарилын нүхний гүнийг 1,5 метрээ ихгүй байхаар газрын хэвлийг эгц доош ухан бэлтгэх ба бусад шарилд хүндэтгэлтэй хандаж орчны цэвэр байлгана.

4.7.4 Шарил чандарлах үед чандарлах үйл явц, зуухны ашиглалт болон оршуулгын газрын дотоод журмыг боловсруулан баталж, мөрдөн ажиллана.

4.7.5 Шарил чандарласан үйлчилгээний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад тогтмол гаргаж өгнө.

4.7.6 Оршуулсан талийгаачийн талийгаачийн нэр, регистрийн дугаар, нас, хүйс, төрсөн болон нас барсан он, сар, өдөр, хаана нас барсан байршил, нас барсан шалтгаан, оршин сууж байсан хаяг, оршуулгын үйлчилгээний хэлбэр, оршуулга хийсэн газрын нэр, чандарлаж оршуулсан бол чандрыг хадгалж байгаа газрын байршил, газарт оршуулсан бол оршуулгын газар дахь газар зүйн солбилцлын цэг, ургийн овог, эцэг эхийн нэр, оршуулгын үйл ажиллагааг хариуцагчийн овог нэр, холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг зэрэг  дэлгэрэнгүй бүртгэлийг бүртгэж, цахим мэдээллийн сан бүрдүүлэн, улирал бүрийн эхний сарын 5-ны өдрийн дотор нийслэлийн Архивын газар болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, тухайн оршуулгын газар оршин буй дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

4.7.7 Нэн ядуу, өрхийн орлого нь амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд оршуулгын үйлчилгээ үзүүлэх бол хөнгөлөлттэй үний үйлчилгээ үзүүлнэ.

4.7.8 Оршуулгын газрын талбайн ашиглалт, оршуулгын нөөцтэй холбоотой асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тухай бүр мэдэгдэж, шийдвэрлүүлнэ.

4.7.9 Шарилын хөшөөг бэлтгэхэд байгалийн чулуу ашиглах бол чулуу олборлож, ашиглах зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагаас авч, чулуу олборлогчийн талаарх мэдээллийг талийгаачйин оршуулгын мэдээллийн санд оруулна.

4.8 Оршуулгын үйлчилгээний тарифыг үйлчилгээ үзүүлэхэд гарсан зардал, үйл ажиллагааны чанарт тохируулан тухайн оршуулгын үйлчилгээ үзүүлж буй зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага тогтооно.

4.9 Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулахад талийгаачийн ар гэрийнхэн энэхүү журмын 4.2 дахь хэсэгт заасны дагуу талийгаачийг бүртгүүлж, оршуулгын үйлчилгээ эрхлэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон үйлчлүүлэх ба оршуулгын газрын дотоод дүрэм, журмыг баримталж, оршуулгын газар, түүний хамгаалалтын бүс дотор хог хаягдал хаяхгүй байж, орчныг цэвэр байлган, нас барагсдын хөшөө дурсгалд хүндэтгэлтэй хандна.

4.10 Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба нь нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулахтай холбоотой бодлого боловсруулан хэрэгжүүлж, хяналт тавин ажиллах ба оршуулгын үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авч энэхүү журам болон бусад холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн шийдвэрлүүлэх, оршуулгын үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн акт, бодлого төлөвлөлтийн  талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх, оршуулгын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, оршуулгын үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах ажлыг тус тус зохион байгуулна.

4.11 Гэмт хэргийн шинж чанартай болон эмнэлэгийн бус нөхцөлд нас барсан талийгаачийг чандарлаж оршуулах тохиолдолд цагдаагийн байгууллагын зөвшөөрлийг үндэслэн чандарлана.

4.12 Олон улсын хөл хориот болон байгалийн голомтот халдварт өвчний улмаас нас барсан тохиолдолд шарилыг оршуулахдаа эрүүл ахуй халдвар хамгаалалтай холбогдон гарсан тушаал, шийдвэр, заавар, журмыг баримтлах ба талийгаачийг оршуулах хэлбэрийг холбогдох эрүүл мэндийн байгууллага зааж өгнө.

 

  1. Тав. Шарил шилжүүлэх

5.1 Зөвшөөрөлгүй газар оршуулсан болон ил тавьсан шарилыг талийгаачийн ар гэрийнхний зөвшөөрлийг авахгүйгээр шилжүүлэн чандарлах ба энэ тухай шийдвэрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга гаргаж, энэхүү журмын 3.5-д заасны дагуу оршуулгын үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага тухайн оршуулга байгаа дүүргийн цагдаагийн байгууллагын хяналтан дор гүйцэтгэнэ.

5.2 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нийслэлийн нутаг дэвсгэрт ил тавьсан шарил болон зөвшөөрөлгүй оршуулсан шарилын талаарх мэдээллийг тухайн дүүргийн цагдаагийн байгууллагад мэдэгднэ.

5.3 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирсэн мэдээллийн дагуу тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан цагдаагийн байгууллага болон шүүхийн шинжилгээний байгууллага шарилд газар дээр нь үзлэг хийх ба тэдний зөвшөөрөл, дүгнэлтийг үндэслэн шарилыг шилжүүлэн чандарлана.

5.4 Зөвшөөрөлтэй оршуулгын газар байгаа шарилыг талийгаачийн ар гэрийнхний хүсэлтээр шилжүүлэн чандарлаж болох ба энэ тохиолдолд гарах зардлыг талийгаачийн ар гэрийнхэн хариуцна.

5.5 Дэд бүтцийн байгууламж барих зорилгоор оршуулгын газраас хэсэгчлэн шарил шилжүүлэх тохиолдолд Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэр гаргаж, шилжүүлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба зохион байгуулна.

5.6 Энэхүү журмын 5.5-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд шарилыг энэ тухай мэдээллийг 14-өөс доошгүй хоногийн хугацаанд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр иргэдэд мэдээллэнэ.

5.7 Шарил шилжүүлэх үед шарилын хайрцаган дотроос гарсан эд зүйлс, эдлэл хэрэглэл, үнэт зүйлсийг чандарын суваргад хамтад нь зална.

5.8 Ил тавьсан шарилын талаарх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шарил байгаа газар дээр үзлэг хийж, шарилыг шүүхийн шинжилгээний байгууллагад шилжүүлнэ.

5.9 Шүүхийн шинжилгээний байгууллага нь ил тавьсан тухайн шарилыг шинжилж, гэмт хэргийн шинж илрээгүй гэж үзвэл цагдаагийн байгууллагын зөвшөөрөөлөөөр ар гэрийнхэнд нь шилжүүлж болно.

5.10 Хэрэв тухайн шарилын хэн болох, ар гэрийнхэн нь 30 хоногийн хугацаанд тогтоогдоогүй тохиолдолд шүүхийн шинжилгээний байгууллага шарилыг зөвшөөрөлтэй оршуулгын газар далд оршуулна.

5.11 Шарил шилжүүлэн оршуулах ажил гүйцэтгэхдээ хөндсөн шарилын нүхийг хөрсөөр хучин тэгшлэн хог хаягдлыг бүрэн цэвэрлэнэ.

 

Зургаа. Хариуцлага

6.1 Энэхүү журмаар тогтоосон захиргааны журмыг зөрчсөн иргэн аж ахуй нэгж, байгуулагад Зөрчлийн тухай хуулийн 3.2, 6.7, 6.17, 7.1, 7.17, 8.1, 10.11, 10.16,  12.3, 12.5, 15.24 бүлэгт заасан хариуцлагыг ноогдуулна.

6.2 Нийтийн ёс зүй, иргэдийн амгалан тайван байдал болон энэхүү журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчих агуулгатай шашны зан үйлийн чиглэл, заавар өгсөн шашны байгууллагыг улсын бүртгэлээс хасах хүртэл хариуцлага ноогдуулна.

6.3 Нийгмийн хэв журам, нийтийн ёс зүй зөрчсөн иргэнд холбогдох хуульд заасан арга хэмжээ авна.

 

***