БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

 

 

 

 

 

Хөдөлмөрийн дотоод журмыг

шинэчлэн батлах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

  1. Байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг хамт олны хурлаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу шинэчлэн, хавсралтаар баталсугай.
  2. Ажилтан, албан хаагчид шинэчилсэн “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

ДАРГА                                   Э.ЭРДЭНЭТУЯА

 

Багахангай дүүргийн Засаг даргынТамгын газрын

даргын 2015 оны …. сарын …. –ны өдрийн

…… дугаар тушаалын хавсралт

 

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ  ДАРГЫН  ТАМГЫН  ГАЗРЫН

 ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

 

  1. Нийтлэг үндэслэл

1.1 Дүүргийн Засаг даргын Тамгын газрын (цаашид Tамгын газар гэнэ) дотоод журмын зорилго нь тус газрын ажилтан, албан хаагчдаас төрийн хууль тогтоомжийг чанд сахин биелүүлж, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хөнгөн шуурхай, нээлттэй, ил тод, хүртээмжтэй хүргэх, ажилтнуудын хөдөлмөрийн сахилга, хариуцлагыг өндөржүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ажилтан, албан хаагчдыг хөгжүүлэх, ажиллах нөхцөл бололцоог сайжруулж, нийгмийн баталгаагаар хангахад оршино.

1.2 Энэхүү журамтай нэгэн адил Тамгын газар болон ажилтан, албан хаагчдын эрх, үүрэг байгууллагын удирдлагын тогтолцоо, бүтэц, зохион байгуулалтыг байгууллагын дүрмээр зохицуулж мөрдөнө.

1.3. Албан хаагч нь Төрийн албаны тухай хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу байгууллага, иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ хүнд суртал, чирэгдэлгүй асуудлыг шуурхай шийдвэрлэж, нийтийн эрх ашгийг дээдлэн хуулиар хүлээсэн үүргээ ямагт биелүүлнэ.

1.4. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлж ажиллана

1.5. Төрийн алба, төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой хууль тогтоомж, төрийн албаны болон үйлчилгээний стандартыг  мөрдөн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хувийн ашиг сонирхлоос ангид байж, ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдалтай эвлэршгүй байна.

1.6. Албан хаагч нь бүх шатны сонгуулийн сурталчилгаанд оролцохгүй байх, үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрөгдсөнөөс бусад ажил үүрэг эрхлэхгүй байна.

Хоёр. Төрийн  албан  тушаалд томилох, чөлөөлөх, түр чөлөөлөх, халах үндэслэл

2.1. Тамгын газар ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг  мөрдөнө.

2.2. Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан тушаалд тэнцэх болзол шалгуурыг хангасан, ажилд орох хүсэлт гаргасан иргэнийг харьяалах хэлтсийн даргын саналыг үндэслэн хүний нөөцийн асуудал хариуцсан албан тушаалтан судалж, Газрын даргад танилцуулсны үндсэн дээр Газрын дарга Засаг дарга болон хэлтсийн дарга нартай зөвшилцөж тушаалаар томилно.

2.3. Ажилд шинээр орсон албан хаагчдад томилогдсон өдрөөс 10 хоногийн дотор ажлын үнэмлэх олгоно.

2.4. Тамгын газрын томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан тушаалын  сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасныг үндэслэн нөөцийн сангаас тухайн сул орон тоог нөхөх тухай захиалгаа Төрийн албаны зөвлөл буюу нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлнэ. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д заасны дагуу ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлсэн байна.

2.5. Төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөөцөөс нөхөх боломжгүй тохиолдолд иргэнийг сонгон шалгаруулж авах захиалгыг ажлын байр тус бүрээр гарган төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлж, “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу шалгалт өгч тэнцэн Төрийн албаны зөвлөлөөс томилохоор санал болгосон иргэнийг тухайн ажлын байранд авч ажиллуулна.

2.6. Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, тvр чөлөөлөх, халахдаа Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зvйлд заасан vндэслэлээр шийдвэрлэх бөгөөд төрийн vйлчилгээний албан хаагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зvйлд заасан vндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу дуусгавар болгоно. Тушаалд ажлаас чөлөөлсөн болон халсан шалтгаан, vндэслэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу ажил хүлээлгэн өгөх хугацааг тодорхой заана.

2.7.  Төрийн жинхэнэ албан хаагчийн “Ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах гэрээ”-г зөрчсөн

2.8. Албан хаагч биеийн эрүүл мэндийн улмаас удаан хугацаагаар эмчлүүлэх, суралцах, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх тохиолдолд түүний үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгүүлэх шаардлага гарвал Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан журмыг мөрдлөг болгоно.

2.9. Ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан хүмүүсийн ажлыг хүлээлцүүлэхдээ комисс томилох бөгөөд албан бичиг баримт, эд хөрөнгө /картаар/, ажил амралтын болон холбогдох бусад тооцоог хийж, тойрох хуудас бөглөгдсөний дараа нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийнэ. Албан хаагч ажлын газрын үнэмлэхээ хүний нөөцийн асуудал  хариуцсан ажилтанд хүлээлгэн өгнө.

 

2.10. Ажлаас чөлөөлөгдөх, халагдах буюу өөрчлөгдөж буй ажилтан нь хамгийн сvvлд гаргасан тайлангийн хугацаанаас хойш хийж гvйцэтгэсэн ажлын тайланг холбогдох хэлтсийн даргад, хариуцан гvйцэтгэж байсан албан хэргийн холбогдох материал, баримт бичиг, компьютерт буй мэдээллийг тухайн нэгж /хэлтэс/-ийн даргыг байлцуулан ажил хүлээн авах хvнд /хэрвээ ажил авах хvн томилогдоогvй тохиолдолд ажил хүлээлцсэн тэмдэглэл vйлдэж тухайн нэгжийн даргад/; тавилга, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл зэрэг эд зvйлсийг санхvv /нярав/-д, гадаад албан паспорт, тvлхvvр зэргийг хэлтсийн холбогдох ажилтанд тус тус тушаалд заасан хугацаанд хvлээлгэн өгнө

2.11. Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж байгаа ажилтны тойрох хуудсыг бөглvvлж, санхvvгийн эцсийн тооцоо хийсний дараа тvvнд ажлаас чөлөөлсөн, халагдсан тухай шийдвэр, нийгмийн ба эрvvл мэндийн даатгалын дэвтрийг хvний нөөцийн ажилтан хүлээлгэн өгнө.

Гурав. Шинээр ажилд орох иргэнд тавигдах шаардлага, судлуулах эрх зүйн акт, зохион байгуулах сургалт

3.1. Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан тушаалд ажиллахыг хүссэн иргэн дор дурьдсан бичиг баримтыг бүрдүүлнэ:

а) Төрийн албан хаагчийн биеийн байцаалт (маягт №1)

б) Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр

в) Иргэний үнэмлэх

г) Хүсэлт гаргасан хувийн өргөдөл

д) Боловсролын түвшинг гэрчлэх диплом, үнэмлэх, тэдгээрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт

е)  4х6 хэмжээний 4 хувь цээж зураг

ё) Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн тухай төрийн албаны салбар зөвлөлийн тодорхойлолт

ж/ Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

з) Бусад нэмэлт болон шаардлагатай бичиг баримт /Эрүүл мэндийн хуудас, цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг анх ажилд ороход нь байгууллагаас нэгдсэн журмаар авна/

 

3.2. Иргэнийг ажилд авахдаа боловсрол, мэргэжлийн түвшинг гол шалгуур үзүүлэлт болгох бөгөөд зан харилцаа, хувийн соёл, нийгмийн идэвхи, шударга зарчимч чанар, ёс суртахууны байдал, авьяас, сонирхлыг шалгаруулалтын нэмэлт үзүүлэлт болгоно.

 

3.3.Төрийн  албаны тухай хуулийн 18.1 дэх хэсгийн  дагуу иргэнийг 1 жил хүртэл хугацаагаар туршилтаар ажиллуулж болох ба цаашид үргэлжлүүлэн ажиллуулах асуудлыг нэгжийн даргын саналыг үндэслэн шийдвэрлэнэ. Туршилтын хугацаанд зөвхөн үндсэн цалин,  хоолны мөнгийг олгоно.

 

3.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг удирдлага болгон нэг талаас ажилтан, нөгөө талаас Тамгын  газрын дарга, түүний эрх олгосон удирдах албан тушаалтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээг хугацаатай ба хугацаагүйгээр байгуулна. Гэрээг хоёр хувь үйлдэж гэрээлэгч талууд нэг, нэг хувийг хадгална.

 

3.5. Шинээр томилогдсон ажилтан, албан хаагчдад харьяалах хэлтсийн дарга Төрийн албаны зөвлөлөөс  баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлага”-д нийцүүлэн боловсруулсан ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолт, түүнтэй холбогдолтой хууль тогтоомж, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн нөхцөл, шагнал урамшууллын журмыг танилцуулан түүний эрх үүргийг тайлбарлаж, хүний нөөцийн ажилтан нь үндсэн болон нэмэгдэл хөлсийг тогтоон,  Тамгын газрын даргын албан ёсны шийдвэр гарсны дараа Үр дүнгийн гэрээ болон үйл ажиллагааны төлөвлөгөө бичгээр байгуулж батлуулах ба ажилтан, албан хаагч нь нийгмийн даатгалын болон, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хүний нөөцийн ажилтанд бүртгүүлэн нягтлан бодогчид өгнө.

3.6. Албан ажлын зайлшгvй шаардлагыг vндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг тvvнтэй тохиролцож өөр албан тушаалд шилжvvлэн ажиллуулж болно. Мөн өөрийнх нь зөвшөөрснөөр тухайн байгууллагын удирдлагатай тохиролцож, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан хугацаагаар төрийн байгууллага хооронд сэлгэн ажиллуулж болно

Дөрөв. Ажлын  цаг, цаг ашиглалт

 

4.1. Тамгын газрын ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг байх бөгөөд тухайн үед Засгийн газраас тогтоосон цагийн хуваарийг мөрдөж ажиллана. Ажлын онцлог, шаардлагаар зарим ажилтны өдрийн ажлын цагийг өөрөөр тогтоож болох бөгөөд  энэ асуудлыг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

4.2. Ажилтан бүр ажилдаа ирэх, завсарлах болон ажлын цагийн дундуур гадагш явах, ажлын өдөр дуусахад тогтоосон журмын дагуу цаг бүртгэх ажилтанд заавал биечлэн бүртгүүлнэ.

4.3. Албан хаагчдын ирцийн бүртгэлийг угтах үйлчилгээний ажилтан болон тухайн өдрийн ээлжийн жижүүр цаг минутаар бүртгэлийн дэвтэрт бүртгэн тэмдэглэл хөтөлж, ажлаас хоцорсон болон тасалсан албан хаагчдаар тухай бүр гарын үсэг зуруулж  баталгаажуулах ба хэлтсийн дарга хяналт тавина. Ажлын цаг ашиглалтын тайланг сар бүр нэгтгэн гаргаж мэдээлж ажиллана.

4.4. Ажлын цагаар гадуур ажиллах тухай бүр хэлтсийн даргад мэдэгдэж, явсан  болон  ирсэн цагаа  “Угтах үйлчилгээ”-ний ажилтанд бүртгүүлнэ. Хэрэв ажлын цагаар хувийн ажлаар гадуур гарсан тохиолдолд ажлын бус цагаар нөхөж ажиллана.

4.5. Ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажилласан бол тухайн  албан хаагчийг Тамгын газрын даргын шийдвэрээр нөхөн амраана.

4.6. Нөхөн амраах боломжгүй тохиолдолд илүү ажилласан цагийн хөлсийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэмэгдүүлж бодож олгоно.

4.7. Албан тушаалтан үүрэгт ажлаа хугацаанд нь хийж дуусаагүй, эсвэл өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүйгээс ажлын бус цагаар ажилласан бол илүү цагт тооцохгүй.

4.8.  Чөлөөг хэлтсийн даргын зөвшөөрлийг үндэслэн Тамгын газрын дарга хууль тогтоомжид нийцүүлэн олгоно.

4.9. Хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тохиолдолд хэлтсийн дарга сард нэг өдрийн цалинтай чөлөө олгох бөгөөд Тамгын газрын даргад заавал мэдэгдэнэ. Мэдэгдээгүй тохиолдолд чөлөөг хүчингүйд тооцно. Тамгын газрын дарга сард ажлын 3 хүртэл өдрийн чөлөөг албан хаагчийн гаргасан өргөдлийн дагуу бичгээр, шаардлагатай тохиолдолд 3 сар хүртэл хугацааны цалингүй чөлөөг Тамгын газрын даргын тушаалаар олгож болно.

4.10. Дор дурьдсан тохиолдолд албан хаагчийн гэр бүлд тохиолдсон гачигдал, хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэн цалинтай чөлөө олгоно.

а/ эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, өвөө, эмээ, төрсөн ах, эгч, дүү нь хүндээр өвчлөх, нас барах;

б/ байгалийн гэнэтийн аюулд нэрвэгдэх, осолд орох. /гал түймэр, салхи шуурга,  үер, техникийн болон ахуйн осол, хорио тогтоогдсон  бүсэд хоригдсон г.м/

в/ ажилтан болон түүний гэр бүлийн гишүүн хурим хийх, гэр бүлд нь шинэ хүн мэндлэх /эхнэр болон төрсөн охин, бэр төрөх/, хүүхдийн сэвлэг үргээх;

г/ ажилтан төрийн одон, медалиар шагнагдах;

д/ ажилтан төрийн болон өөрийн зардлаар давтан сурах, мэргэжил дээшлүүлэх

е/ Албан хаагч өөрөө эмнэлэгт үзүүлэх, үзлэг шинжилгээ өгөх

ё/ Мэргэжлийн чиглэлээр сургалтанд хамрагдах

4.11. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 105, 106-р зүйлд заасныг үндэслэн эхчүүд (1 хүртэл насны хүүхэдтэй ганц бие эцэг, мөн насны хүүхэд үрчлэн авсан хүмүүс) -д тэдний хүсэлтийг үндэслэн хүүхдээ асрах чөлөө олгоно. Хүүхэд асрах чөлөөг Тамгын газрын даргын тушаалаар олгож, нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийж байна.

4.12. Албан хаагч өөрөө буюу шууд асрамжинд байгаа хүмүүсээ эмнэлэгт үзүүлсэн, хуулийн байгууллагад гэрч, хохирогчоор дуудагдсан болон бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирээгүй хугацааг нотлох зохих байгууллага, албан тушаалтан, эмчээс олгосон албан ёсны бичиг баримтыг чөлөөний хугацаа дууссанаас хойш 3 хоногийн дотор өөрийн биеэр авч ирж тооцоо хийнэ.

4.13. Чөлөө авсан ажилтны үүрэгт ажлыг хэлтсийн даргын шийдвэрээр  бусад ажилтнуудад хариуцуулж ажиллана.

4.14. Албан хаагчид олгосон чөлөөг хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан хүн нэг бүрээр сар тутам бүртгэж, чөлөө олгосон шийдвэрийг санхүүгийн  баримтанд хавсаргана.

4.15. Албан ёсоор /бичгээр/ чөлөө, зөвшөөрөл аваагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чөлөөний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд ажил тасалсанд тооцно.

Тав. Ээлжийн амралт, чөлөөт цаг

5.1. Ээлжийн амралт олгох:

5.1.1. Хүний нөөцийн ажилтан албан хаагчийн саналыг авсны үндсэн дээр ээлжийн  амралтын хуваарийг  жил бүрийн 1 дүгээр сард багтаан нэгтгэж, холбогдох шийдвэрийг гаргуулна. Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож, биеэр эдлүүлнэ. Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно

5.1.2. Шинээр ажилд орсон ажилтан 11 сар ажилласны дараа ээлжийн амралт эдлэх эрх үүснэ.

5.1.3. Ээлжийн амралтаа авах ажилтан хэлтсийн даргатайгаа зөвшилцөн тохирч, албан үүргийг нь  орлон гүйцэтгэгчид түр хүлээлгэн өгч зохицуулсан байна.

5.1.4. Амралтын хоногийн тооцоог хүний нөөцийн  ажилтан гаргана.

5.1.5. Ажлын зайлшгүй шаардлагаар нийтээр амрах баярын болон 7 хоногийн амралтын өдөр, мөн  ээлжийн амралттай байгаа албан хаагчийг ажиллуулсан тохиолдолд тухайн албан хаагчийн хүсэлтийг үндэслэн нөхөж амраана. Нөхөн амраах боломжгүй бол Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу илүү цагийн хөлсийг олгоно.

5.1.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дvгээр зvйлд заасны дагуу ажилтан эхэд жирэмсний болон амаржсаны амралт олгоно.

5.1.7. Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд олгох олговрыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалаар батлагдсан “Ээлжийн амралтын олговор тооцох журам”-д заасны дагуу тооцож олгоно.

5.1.8. Ажилтан амралтаараа өөрийн  буюу эхнэр (нөхөр), эцэг, эхийн төрсөн нутагт явсан тохиолдолд ирэх, буцах замын зардлыг автомашин, нийтийн тээврийн тухайн үед мөрдөж байгаа энгийн үнэлгээгээр тооцож, 2  жилд нэг удаа Газрын даргын шийдвэрээр нөхөн олгоно.

5.2. Байгууллагын ажилтан, албан хаагчид үндсэн ажлаас гадуур дараах арга хэмжээнд заавал оролцоно. Үүнд:

5.2.1. Зөвлөгөөн, сургалт, семинар, уулзалт, ярилцлага, цуглаан, хичээл,

5.2.2. Бүх нийтийг хамарсан ажил /их цэвэрлэгээ, цас цэвэрлэгээ, ногоон байгууламж байгуулах, тохижилтын ажил/

5.2.3. Албан хаагчид дүүрэг, орон нутаг, байгууллагаас зохион байгуулагдах соёл, урлаг, спортын арга хэмжээ

5.3. Бүх нийтийн арга хэмжээ зохион байгуулагдах тухай бүр угтах үйлчилгээний ажилтан нийт албан хаагчдад урьдчилан мэдэгдэж, гарын үсэг зуруулж, энэ талаарх тайлан мэдээг хагас, бүтэн жилээр гаргаж Газрын даргад танилцуулна.

5.4. 5.2.1, 5.2.2-д заасан нийтийн дунд зохион байгуулагдаж буй арга хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй тохиолдолд ажлын цагаас хасч, үр дүнгийн гэрээ дүгнэхэд ажлын үзүүлэлтээс бууруулах үндэслэл болно.

Зургаа. Цалин хөлс, тэтгэмж тусламж

6.1. Ажлын цагийн бүртгэлээр бүртгэгдсэн цаг, минут нь ажилтанд цалин олгох баримт болно.

6.2. Тамгын газрын даргын тушаалаар ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн бол үндсэн цалингийн  40 хүртэл хувийн нэмэгдэл хөлс олгох буюу нөхөн олгож болно.

6.3. Жилийн эцэст цалингийн зардлаас хэмнэлт гарвал цалин нэмэгдэл, урамшуулал олгох журмын дагуу зохих хэмжээний урамшуулал олгож болно.

6.4. Ажилтны ажиллах нөхцлийг хангах зорилгоор хоолны мөнгийг хоногийн 4500 төгрөгөөр тогтоож олгоно.

6.5. Төрийн албан хаагчийг үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллуулах, ажлын идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, амьдрал ахуйг нь дэмжих зорилгоор Тамгын газарт тасралтгүй 5, 10, 15, 20 жил ажилласан албан хаагчдад тухайн хугацаа тутамд 500.000 хүртэлх төгрөгийн буцалтгүй тусламж олгох, мөн нөхөн олгох тохиолдолд 1 удаа 500.000 төгрөг олгоно.

6.6. Төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарсан тохиолдолд байгууллагаас 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн буцалтгүй тусламж олгоно.

6.7. Хороодын хэсгийн ахлагч нарын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хагас жил тутам үнэлэх бөгөөд А, В үнэлгээ авсан тохиолдолд сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 40 хүртэл хувийн мөнгөн урамшуулал олгоно. Сахилгын шийтгэл ногдуулсан буюу сахилгын шийтгэлтэй байх хугацаа дуусаагүй албан хаагчид урамшуулал олгохгүй.

6.8. Байгууллагын үндсэн үйл ажиллагааг эрхлэн явуулах үүрэг бүхий төрийн үйлчилгээний албан хаагчид ажлын үзүүлэлт, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг үнэлээд, А үнэлгээ авсан тохиолдолд ур чадварын нэмэгдэл олгоно. Ур чадварын нэмэгдэл олгохдоо Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ыг баримтлана. Хэрэв ур чадварын нэмэгдэл авч буй албан хаагч дараагийн тайлангийн жилд А үнэлгээ авч чадаагүй бол ур чадварын нэмэгдлийг хасах буюу бууруулах үндэслэл болно.

Долоо. Ажилтнуудын нийгмийн асуудал

7.1. Тухайн албан хаагч өөрөө болон түүний гэр бүлийн, шууд асрамжинд нь байгаа гишүүн хүндээр өвчилсөн буюу хөдөлмөрийн чадваргүй болсон тохиолдолд Засгийн газрын 2004 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн 300,000 хүртэл төгрөгийн эд материалын болон мөнгөн туслалцаа үзүүлнэ. Шаардлагатай тохиолдолд төрийн албан хаагчийн хүсэлтээр унаа, хүн хүчний зэрэг бусад дэмжлэг үзүүлж болно.

7.2. Төрийн албан хаагч өөрөө болон түүний эхнэр, нөхөр, эцэг, эх, /хадам эцэг, эх/, өвөө, эмээ, үр хүүхэд, төрсөн ах, эгч, дүү нас барах тохиолдолд 300,000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлж болно.

7.3. Тамгын газраас өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтныг ахмадын бүртгэлд авч үнэмлэх олгох, дурсгалын зүйл гардуулах, байнгын холбоотой байж санал хүсэлтийг нь сонсох, байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээнд урилгаар оролцуулах, хүндээр өвчилсөн, нас барсан тохиолдолд 300,000 хүртэл төгрөгийн буцалтгүй тусламж олгоно.

7.4. Монголын Ахмадын өдөр, уламжлалт “Сар шинийн баяр”-аар хууль тогтоомжийн хүрээнд  хүндэтгэл үзүүлэн жил бүр хүлээн авч, мөнгөн тусламж олгоно.

7.5. Тамгын газрын дарга, хэлтсийн дарга нарт хот хооронд утсаар ярих лимитийг Тамгын газрын даргаас тогтоож өгөх бөгөөд шаардлагатай тохиолдолд мэргэжилтнүүд хэлтсийн даргын лимитээс зөвшөөрөл авч, хот хооронд ярьж болно.

7.6. Ажилтан албан хаагчдын дунд амралт, соёл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад байгууллагын зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

7.7. Үйлчилгээний ажилчдыг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулна.

7.8. Ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр бусад байгууллагуудтай гэрээ, хэлцэл хийхдээ ажилтнуудад ашигтай байхаар зохицуулж байна.

 

7.9. Ажилтан төрийн одон медаль, алдар цол хүртэх, хүүхэд төрүүлэх, хурим, найр хийхэд 50.000 төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.

7.10. Албан хаагчдын ажиллах нөхцөл баталгааг сайжруулах, өрөө тасалгааг тохижуулах, тавилга хэрэгслийг шинэчлэх, техник, тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  зохион байгуулж, зардлыг  жил бүрийн төсөвт тусган, батлагдсан төсвийн хүрээнд ээлж дараатайгаар шийднэ.

7.11. Ажилтан, албан хаагчдын гэр бүлийг дэмжих,  гал түймэр, үер усны аюул, газар хөдлөлт, хулгай, дээрэмд өртөх зэрэг тодорхойлох боломжгүй үйл явдлаас шалтгаалан ажилтны ар гэрт дэмжлэг шаардлагатай тохиолдолд 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тусламж олгоно.

 

Найм. Ажилтан, албан хаагчдын үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх

8.1 Төсвийн тухай хуулийн хүрээнд төрийн албан хаагчид нэгж /хэлтсийн дарга, хорооны Засаг дарга/-ийн менежертэй, нэгжийн менежерүүд төсвийн шууд захирагч (Тамгын газрын дарга)–тай үр дүнгийн гэрээ, үйлчилгээний албан хаагчид Тамгын газрын даргатай хөдөлмөрийн гэрээ тус тус байгуулж, үр дүнг тооцож ажиллана.

8.2 Тамгын газар, хэлтсүүд үйл ажиллагааны төлөвлөгөөгөө  хагас, бүтэн жилээр, албан хаагчид үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээг тодорхой цаг хугацааны хуваарьтай хийж  гүйцэтгэлийг нь тухай бүр тайлагнах бөгөөд үр дүн, мэргэшлийн түвшингээ  хагас, бүтэн жилээр үнэлүүлж, дүгнүүлнэ. Үнэлгээгээр А үнэлгээ авсан  менежер, төрийн захиргааны албан хаагч, төрийн үйлчилгээний албан хаагчдын нэрсийг байгууллагын аварга ажилтанд нэр дэвшүүлэхээр хамт олноос нууцаар санал авч, хамгийн өндөр санал авсан албан хаагчийг байгууллагын тухайн оны “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар шалгаруулах ба тус ажилтныг мөн дүүргийн тухайн оны “Төрийн байгууллагын хөдөлмөрийн аварга ажилтан”-д нэр дэвшүүлж, шалгарсан ажилтныг Өргөмжлөл, 300,000 төгрөгөөр шагнана.

8.3 Төсвийн шууд захирагч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн  Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид шагнал, урамшил олгох журам”, “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам”, Байгууллагын дотоод журам болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу  дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

а. Албан тушаал дэвшүүлэх;

б. Зохих шатны сургалтанд хамруулах;

в. Зэрэг дэв олгох, ахиулах;

г. Мөнгөн урамшууллыг хагас,  бүтэн  жилээр  болон бусад хэлбэрийн шагнал урамшууллыг  олгох;

д. Албан тушаал бууруулах;

е. Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах

ё. Цалингийн шатлалыг өсгөх буюу бууруулах

ж. Ур чадварын нэмэгдэл олгох

8.4. Хэлтсийн ажлыг дүгнэхдээ эрхэлсэн асуудлын хүрээнд Монгол Улсын хууль, Засгийн газрын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, Засгийн газрын болон нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,  тухайн оны зорилтын биелэлт,   үр дүн, шинээр санаачлан хэрэгжүүлсэн ажил, боловсруулсан бодлого, шийдвэрлэсэн асуудал, эдийн засгийн үр ашгийг харгалзана.  Өндөр амжилт гаргасан хэлтэст мөнгөн буюу материаллаг урамшуулал олгоно.

8.5. Тухайн онд зөрчил гаргасны улмаас хариуцлага тооцуулсан албан хаагч ажлын амжилт гаргасан, эсвэл бүтээлч шинэлэг ажил санаачилсан тохиолдолд хагас, бүтэн жилийн үр дүнгийн гэрээний үнэлгээг өсгөх, бууруулахад харгалзан үзнэ.

8.6. Ажилтныг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээсээ гадна дүүргийн болон байгууллагын хэмжээнд, иргэд, албан хаагчдад хүртээмжтэй, ач холбогдол бүхий ажил  санаачилж хэрэгжүүлсэн бол шинэлэг санаа, бүтээлч ажил хийсэн гэж үзнэ.

8.7. Ажилтан үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалттай сайн гүйцэтгэсэн гэж үзвэл Засаг даргын Тамгын газрын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд энэ журмын 8.3-ын “а”, “в”, “г”-д заасан арга хэмжээнээс давхардуулан олгож болно.

 

8.8. Хэлтсийн даргын үр дүнгийн гэрээний биелэлтийг Тамгын газрын дарга дүгнэж, хянан баталгаажуулна.

8.9. Үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнээд, авсан арга хэмжээний талаарх Засаг даргын захирамж, Тамгын газрын даргын тушаалын хуулбарыг албан хаагчдын хувийн хэрэгт хавсаргана.

Ес. Шагнал урамшуулал, сахилга хариуцлага тооцох тогтолцоо

9.1. Дараах тохиолдолд шагнал урамшуулал олгоно:

9.1.1. Ажилдаа идэвх санаачлага гарган үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан ажилтанд хагас, бүтэн жилийн ажлын үр дүнг харгалзан Засаг даргын захирамж, Тамгын газрын  даргын тушаалаар шагнал, урамшуулал олгоно.

9.1.2. Шагнал урамшуулал нь дараах хэлбэртэй байна. Үүнд:

а)  Хүндэт дэвтэрт бичиж гэрчилгээ, мөнгөн шагнал  олгох

б)  Хүндэт жуух бичиг

в) Мөнгөн урамшуулал  олгох

г) Зэрэг дэв олгох, шатлал ахиулах

д) гадаад дотоодод үзэсгэлэнт газраар аялуулах

е) Төрийн одон медаль, салбарын болон бусад байгууллагын шагналд тодорхойлох

ё) Бусад шагнал, урамшуулал

9.1.3. Төр захиргааны байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллан хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан ажилтныг хамт олны хурлаар хэлэлцүүлсний үндсэн дээр алдар цол, одон медаль, төрийн дээд шагналаар шагнуулахаар тодорхойлно.

9.1.4. Ажилтан, албан хаагчдыг шинэлэг, бүтээлч ажил санаачилсан тухай бүр санаачилсан ажилд нь тохирсон урамшууллыг нэг удаа олгох буюу жилийн эцэст ажил дүгнэх, шагнал урамшуулалд нэр дэвшүүлэхэд харгалзан үзнэ.

9.1.5. Хууль буюу журамд тусгагдаагүй зайлшгүй хөрөнгө, мөнгө шаардагдах гэнэтийн үйл явдал тохиолдох, тухайлбал,  ажилтан дүүрэг орон нутаг, нийгмийн сайн сайхны төлөө үлэмж гавьяа байгуулах тохиолдолд мөнгөн шагнал, олгож болно.

9.1.6. Улиралд нэг удаа албан хаагчдыг соёл, урлагийн арга хэмжээнд хамруулна. Тамгын газрын албан хаагчийн амьдралд тохиолдож буй онцгой баярт үйл явдалд баяр хүргэж, бэлэг дурсгалын зүйлс гардуулна. Баяр, ёслолд зориулж бэлэг, дурсгалын зүйлс худалдан авах зардлыг Тамгын газрын төсвөөс гарган зарцуулна. Онцгой баярт үйл явдалд дараах зүйлийг тооцно:

а/ Төрийн албан хаагчийн тангараг өргөх

б/ Эрдмийн зэрэг, цол хамгаалах

в/ Сургууль төгсөх

 

9.2. Дараах тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулна:

9.2.1. Тамгын  газрын дүрэм, байгууллагын дотоод журам зөрчсөн, ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан албан хаагч, ажилтанд гэм бурууг тогтоосон баримтыг үндэслэн Төрийн  албаны тухай хуулийн 26 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна.

 

9.2.2. Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд дараах зөрчлүүдийг тооцно.

а. Байгууллагын өмч хөрөнгийг зөвшөөрөлгүй авч гарсан, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хувьдаа ашигласан болон эд ангийг сольсон;
б. Бичиг баримт засах, хуурамчаар үйлдэх замаар ашигласан эсвэл ажил үүргээ гүйцэтгэсний төлөө бусдаас шан харамж авсан;

в. “Төрийн  албан  хаагчийн ёс зүйн дүрэм”, “Байгууллагын ёс зүйн дүрэм” -ийг зөрчсөн;

г. Байгууллагын эд хөрөнгө болон  бусдын эд зүйлсийг хулгайлсан;

д. Сахилгын зөрчлийг давтан гаргасан;

 

9.2.3. Албан  хаагч, ажилтанд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлд зааснаар тогтооно.

 

9.2.4. Сахилгын шийтгэлийг Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн, зөвхөн ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх эрх бүхий Засаг дарга, Тамгын газрын дарга ногдуулна.

9.2.5. Баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийн үеэр байгууллага дээр хариуцлагатай эргүүл, жижүүр ажиллана.

9.2.6. Албан хаагчийн хариуцлагагүй, болгоомжгүй үйл ажиллагааны улмаас эвдэрч тоногдсон, дутагдуулсан эд хогшил, техник хэрэгслийг эзэмшигч төлнө.

9.2.7. Тамхины хяналтын тухай хуульд заасны дагуу байгууллага дотор, түүний ойр орчимд тамхи татахыг хориглох бөгөөд хэрэв зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

9.2.8. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа болон хэрэгжүүлээгүйгээс бусдад эдийн болон эдийн бус хохирол учруулсан нь тогтоогдсон тохиолдолд цалингаас нь суутгах журмаар хохирлыг барагдуулна.

 

Арав. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх

10.1. Ажилтан ажилд орсноос хойш 2-оос доошгүй жил ажилласан болон 1 жилийн хугацаанд өндөр үр бүтээл, онцгой амжилт гарган ажилласан албан хаагчийг дэмжиж,  мэдлэг боловсролоо дээшлүүлэх, байгууллагын болон Засгийн газрын тэтгэлгээр Удирдлагын академийн менежер, магистрантур, докторантурт суралцах эрх нээгдэнэ.

10.2. Ажилтнуудыг гадаад, дотоодод туршлага судлуулах, мэргэжил дээшлүүлэх, танилцах аялал жуулчлалд хамруулах ажлыг ээлж дараатай зохион байгуулна.

10.3. Ажилтны мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах зардлыг Тамгын газар тусгайлан төлөвлөж зарцуулна.

Арван нэг. Албан томилолтоор ажиллуулах

11.1. Албан хаагчдын албан томилолтыг дор дурьдсан байдлаар  олгоно:

11.2. Ажилтны албан томилолтыг хэлтсийн даргын зөвшөөрсөн удирдамжийн дагуу Тамгын газрын дарга, түүний эзгүйд орлосон дарга гарын үсэг зурж олгоно.

11.3. Хэлтсийн даргын албан томилолтын удирдамж, томилолтыг Газрын дарга олгоно.

11.4. Томилолтын хугацаа сунгах асуудлыг томилолт олгосон даргын зөвшөөрлөөр шийдвэрлэнэ.

11.5. Томилолтоор ажилласан ажилтан тухайн хугацаанд гүйцэтгэсэн ажлаа Тамгын газрын даргаар дүгнүүлсний дараа тодорхойлолтыг үндэслэн томилолтын зардлыг олгоно.

11.6. Томилолтоор ажилласан албан хаагч дотоодын албан томилолтын хугацаа дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор холбогдох баримтыг бүрдүүлэн нягтлан бодогчид өгнө.

11.7. Дурьдсан хугацаанаас хоцроосон, хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд томилолтын мөнгийг нөхөн  олгохгүй.

11.8. Гадаад албан томилолтыг хууль, журмын дагуу олгоно.

Арван хоёр. Санал, өргөдөл гомдол хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх

12.1. Өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг холбогдох удирдлагад танилцуулж, шийдвэрлүүлэх

12.2. Ажилтан, албан хаагчид өөрийн болон хэлтэс, хамт олны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзвэл өргөдөл, гомдол, санал гаргаж болно.

12.3. Өргөдөл гаргагч  гомдол, санал, хүсэлт  гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль, бусад хуулийг зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож болохгүй.

12.4. Гомдол, санал, хүсэлт нь хуульд нийцсэн, үндэслэлтэй, үнэн зөв байна.

12.5. Өргөдөл гомдлыг амаар болон бичгээр, цахим хэлбэрээр гаргаж болох бөгөөд амаар гаргасан тохиолдолд түүнийг хүлээн авах үүрэг бүхий ажилтан тэмдэглэн авч, тусгай бүртгэлд бүртгэн байгууллагын Ёс зүйн хороо болон асуудал хариуцсан албан тушаалтанд шилжүүлнэ.

12.6. Ёс зүйн хороо өргөдөл, гомдлыг  хорооны дүрэм, холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

12.7. Гомдлыг түүнд холбогдож байгаа албан тушаалтанд өөрт нь шилжүүлэхийг хориглоно.

Арван гурав. Ажилтны эрх ашгийг хамгаалах

13.1. Байгууллагын ажилтан, албан хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлын асуудлыг байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хороо  ажил олгогчтой “Хамтын гэрээ” байгуулан шийдвэрлэнэ.

13.2. Хамтын гэрээ байгуулахад ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 9-18  дугаар зүйлд заасныг баримтална.

13.3. Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтын гэрээ байгуулах, биелүүлэх, биелэлтэд нь хяналт тавих ба ажил олгогч, ажилтны хооронд үүссэн “Хөдөлмөрийн хамтын маргаан”-ыг энэ журмын 2.1-д заасан хуулийн хүрээнд хянан шийдвэрлэнэ.

13.4. Үйлдвэрчний эвлэлийн хорооноос гаргасан шийдвэрийг Тамгын газрын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан хүлээн зөвшөөрсөн эсэх тухайгаа эрх зүйн акт гаргаж /захирамж, тушаал/ баталгаажуулна.

13.5. Байгууллагын дарга болон албан хаагч, Үйлдвэрчний Эвлэлийн Хороонд үүссэн маргааныг дүүргийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлнэ.

 

Арван дөрөв. Ажилтан, албан хаагчдын үйл ажиллагаанд хориглох зүйл

 

14.1. Төрийн албаны тухай, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Хөдөлмөрийн тухай  хууль болон “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д заасан төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон зүйлсээс гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:

 

14.1.1. Ажлын цагаар буюу ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ, мөн ажлын байранд архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх

14.1.2. Ажлын байранд болон хориглосон газар тамхи татах

14.1.3. Ажил таслах, чөлөөний хугацаа хэтрүүлэх, ажлын цагийг үр дүнгүй өнгөрүүлэх

14.1.4. Тамгын газрын байранд нэвтрэн орох журмыг зөрчих.

 

Арван тав. Ажлын байранд нэвтрүүлэх болон хориглосон хэм хэмжээ

 

15.1. Тамгын газрын байранд гадны хүмүүсийг дараах журмыг баримтлан нэвтрүүлэхийг зөвшөөрнө.

15.1.1. Тамгын газрын дарга, хэлтсийн дарга нараас иргэдийг хүлээн авч уулзах ажлыг ажлын бүх өдрүүдэд зохион байгуулах бөгөөд уулзалтын цагийн хуваарийг угтах үйлчилгээний ажилтан батлуулж ажиллах ба бүртгэл хөтөлнө.

15.1.2. Албаны болон хувийн хэргээр Албаны байранд нэвтрэх иргэнийг хариуцлагатай жижүүр, уулзах албан хаагч нь зөвшөөрсөн тохиолдолд биеийн байцаалтыг шалган, бүртгэж тухайн үед мөрдөгдөж буй ажлын цагаар  нэвтрүүлнэ.

15.1.3. Тогтоосон цагаас бусад үед гадны хүн оруулсан, түүний улмаас ямар нэгэн үр дагавар гарсан тохиолдолд түүний хариуцлагыг тухайн өдрийн жижүүр, угтах үйлчилгээний ажилтан хариуцна.

15.1.4. Угтах үйлчилгээний ажилтан нийт ажилтан, албан хаагчдын утасны жагсаалтыг гаргаж Тамгын газрын даргаар батлуулах ба ажлын шаардлагаар холбогдох хүмүүст өгөх

15.1.5. Тамгын газрын хурлын танхимд хурал, семинар, зөвлөгөөн зохион байгуулагдах тохиолдолд холбогдох хүмүүсийг нэвтрүүлнэ.

15.2. Албаны байранд дараах зүйлийг хориглоно. Үүнд:

15.2.1. Зөвшөөрөлгүйгээр ажлын байрнаас ямар нэг зүйл /эд хогшил, техник хэрэгсэл/ гадагш гаргах

15.2.2. Тэсэрч дэлбэрэх, шатамхай материал оруулах

15.2.3. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг нэвтрүүлэх /хүч түрэмгийлэн нэвтэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэх/, ажлын байранд чанга ярих, дуу чимээ гаргах, танхайрах/

15.2.4. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр мэдээ, мэдээлэл өгөх

15.2.5. Байгууллагын гадна талбайд Тамгын газар, албан ажлаар ирсэн албаны автомашинаас бусад автомашин зогсох

 

Арван зургаа. Төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах

 

16.1. Төрийн албан хаагч нь байгууллагын нууц, хувь хүний нууцыг чандлан хадгална. Байгууллага, хувь хүний нууцад дараах ерөнхий зүйлийг ойлгоно.

1/ захидал харилцаа, албан бичгийн нууц;

2/ эрүүл мэндийн нууц;

16.2. Захидал харилцаа, эрүүл мэндийн нууц гэдэг нь:

1/ захидал харилцааны нууцад захидал, цахилгаан, илгээмж, өргөдөл зэрэг шуудан холбооны хэрэгслээр бусад хүн, байгууллагатай солилцож буй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг;

2/ эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг;

3/ хөрөнгийн нууцад зөвхөн эд хөрөнгө, оюуны өмч, эрхийн эзэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн хүмүүс мэдэх, түүнчлэн эрх бүхий байгууллага албан тушаалтны албан үүргийнхээ дагуу олж мэдсэн мэдээ, баримт бичиг, тоо, гэрээ, хэлцэл, биет зүйлийг хэлнэ.

16.3. Хувь хүн нууцаа өөрөө хамгаална.

16.4. Шаардлагатай тохиолдолд хувь хүний нууцыг хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу төр, байгууллага хамгаалалтдаа авч болно.

16.5. Ажилтан, албан хаагч нь зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хувь хүний нууцтай танилцана. Хууль болон байгууллагын нууцын жагсаалтаар батлагдсан бичиг баримт, биет зүйлийг байгууллагын нууц гэж ойлгоно.

16.6. Байгууллагын нууцыг хариуцаж байгаа ажилтан, албан хаагч нууцыг чанд хадгална.

16.7. Байгууллага нь эрхэлж буй үйл ажиллагааныхаа дагуу олж мэдсэн хувь хүний нууцыг байгууллагын нууцын нэг адил хамгаална.

 

Арван долоо. Архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг хангаж ажиллах

17.1. Дүүргийн Засаг даргын захирамжийг холбогдох хэлтсийн дарга боловсруулж, Захиргаа, хуулийн хэлтсийн эрх зүй хариуцсан мэргэжилтнээр эрх зүйн үндэслэлийг хянуулсны дараа Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын Газрын дарга болон тухайн асуудлыг харьяалах хэлтсийн дарга нарын саналыг авч, хэвлэлтэнд оруулна.

17.2. Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас гарч байгаа захирамж, тушаал, албан бичигт эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, баталгаажуулалт хийсний дараа бичиг хэргийн ажилтан албан хэрэг хөтлөлтийн стандарт шаардлагыг хангуулан хэвлэх бөгөөд, захирамж, тушаал, албан бичигт Захиргаа, хуулийн хэлтсээс нэгдсэн дугаар олгож, бичиг хэргийн ажилтан зохих эзэнд нь хүргүүлнэ.

17.3. Захирамж, тушаалын болон албан бичгийн хэвлэмэл хуудас нь тусгай дугаарлагчаар дугаарлагдсан байх бөгөөд нярав, архив, бичиг хэргийн ажилтанд шаардах хуудсаар олгож, бүртгэл хөтөлнө.

17.4. Албан хаагч нь баримт бичиг боловсруулан гаргахдаа холбогдох албан тушаалтнуудад хянуулж зөвшөөрөл авсны дараа хэвлэмэл хуудсанд хэвлэн гаргах ба энэ журмыг зөрчиж баримт бичгийг хэвлэснээс буруу бичсэн, засвар орж дахин хэвлэсэн зэргээр хэвлэмэл хуудсыг үр ашиггүй зарцуулсан тохиолдолд үр ашиггүй зарцуулсан хэвлэмэл хуудасны үнийг тухайн албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.

17.5.Тамгын Газарт ирсэн албан бичиг болон иргэдийн бичгээр ирүүлсэн санал, өргөдөл гомдлыг бичиг хэргийн эрхлэгч болон ирсэн бичиг хариуцсан ажилтан бүртгэж, холбогдох удирдлагад танилцуулах бөгөөд удирдлагын өгсөн чиглэлийн дагуу холбогдох хэлтэс, албад, албан тушаалтанд бүртгэлээр хүлээлгэн өгнө.

17.6. Албан хаагчид эрхэлсэн ажлын хүрээнд тухайн онд зохион байгуулсан үйл ажиллагааны талаарх материалыг хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу бүрдүүлж, архивын нэгж үүсгэн, дараа оны 02 дугаар сарын 01-ний дотор архивт хүлээлгэн өгч, акт үйлдэнэ.

17.7. Архив, бичиг хэргийн эрхлэгч нь 14 хоног тутам шийдвэрлэвэл зохих, хугацаа хэтэрсэн албан бичгийн мэдээг гаргаж Тамгын газрын хуралд танилцуулна.

17.8. Албан бичгийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу архивын нэгжийг архивт хүлээлгэн өгөөгүй албан хаагч, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу архивт хүлээн аваагүй архивын ажилтанд Төрийн албаны тухай хууль, байгууллагын дотоод журамд заасны дагуу Засаг даргын Тамгын Газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулна.

17.9. Тухайн онд хөтлөгдөх бичиг хэргийн нэрийн жагсаалтыг архив, бичиг хэргийн эрхлэгч боловсруулан гаргаж, баримт бичиг нягтлан шалгах комиссын хурлаар хэлэлцүүлж, батлуулна.

17.10. Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хэрэглэх тамга, тэмдэг түших, хэвлэмэл хуудас хариуцах албан тушаалтныг байгууллагын даргын тушаалаар томилж, тамга, тэмдэг, хэвлэмэл хуудасны ашиглалт, хадгалалт, хамгаалалтанд хяналт тавих ажлыг Захиргаа, хуулийн хэлтэс хариуцан гүйцэтгэнэ.

Арван найм. Бусад зүйл.

 

18.1. Тамгын газрын дүрэм, дотоод журмыг албан хаагчид, ажилтны саналыг харгалзан боловсруулж, хамт олны хурлаар  хэлэлцүүлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасны дагуу Тамгын газрын даргын тушаалаар баталж мөрдүүлнэ.

18.2. Энэхүү журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар гаргасан албан хаагч, ажилтнуудын төлөөллийн саналыг хэлтсийн дарга нарын хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэнэ. Тамгын газрын дарга, ажилтан, албан хаагчид энэхүү дотоод журмыг дагаж мөрдөх үүрэгтэй.

18.3.  Төрийн албан хаагчдыг энэхүү журамтай танилцах боломжоор хангана.

18.4. Энэхүү журмыг хэрэгжүүлэх ажлыг Тамгын газрын дарга батлагдсан төсвийн хүрээнд холбогдох хэлтсийн дарга нартай хамтран зохион байгуулж, биелэлтэнд нийт ажилтан, албан хаагчид, Үйлдвэрчний эвлэлийн хороо хяналт тавина.

18.5. Энэхүү журам нь Тамгын газрын даргын тушаалаар батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөнө.

 

-о-о-о-

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>